2018 онд бичиж байсан мөртүүд аж.
Баяртай, гунигтай дурсамжуудаа зүрхэндээ нандигнаж, тархиндаа агуулахгүй гэсэндээ үгээр буулгажээ. Тэртээх өдрүүдийн мөртүүд хадгалагдан үлдсэн нь энэ буюу.
ААВДАА ХАЙРТАЙ
Аав, ааваа гэж дуудаагүй зургаан жил өнгөрч
Аавдаа очноо гэж зориогүй зургаан оныг үдэж
Гэвч
Аавтайгаа урласан дурсамжууд тархинд үүрд сийлээстэй
Аавыгаа үгүйлэх сэтгэл зүрхэнд бат шигтгээстэй
Аавынхаа нөмрийг мэдрээгүй зургаан хавартай золгож
Аавынхаа дууг сонсоогүй зургаан наадмыг үдэж
Гэсэн ч
Зүүдээ манан хийсвэрээс бодит руу таныхаа нөмрийг бүтээгээстэй
Зүрхээ чагнаархан нам гүмхэнээс таныхаа хоолойг сонсоостой
Аавынхаа үнэрийг аваагүй зургаан он зуун жил шиг алсарч
Аавынхаа гэсэн бүхнийг зуурдхан алдсан мэт шимширч
Гэвч
Аавынхаа гэсэн бүхнийг ээжийнхээ сэтгэлээс мэдрээстэй
Аавынхаа бүтээсэн үйлсийг бор дэвтрээс нь онгичоостой
Ааваа үрс нь танаасаа үлдсэн үнэтэй өв хөрөнгө нь юм
Ааваа үрс нь таныхаа үүрд үлдэх халуун цус, бүтэн амь нь юм.
2018.10.04 Б.Баясгалан